Дэлүүн сум нь 1938 оны 6-р сарын 25-ны өдөр анх байгууллагдсан ба аймгийн төвийн баруун өмнө зүгт, нийслэл Улаанбаатар хотоос 1860 км, аймгийн төвөөс 156 км-ийн зайтай оршдог. Нийт газар нутаг нь 559499 га бөгөөд үүнийхээ 530000 га нь бэлчээр, 660 га нь хадлан, 178100 га нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай. Алтай, Толбо, Булган сум, Ховд аймгийн Ховд, Дуут сумтай баруун талаараа БНХАУ-тай хил залгадаг. Далайн түвшингээс 1800-4000 м өндөрлөгт оршдог. Сумын нутаг алт, жонш, нүүрс зэрэг байгалийн баялаг ихтэй. Чмхэртэй, Саралахаз , Бузаукөл, Далакөл зэрэг цэнгэг устай нуур, тэрчлэн Буянт гол нь загасаар элбэгЦаг агаарын байдал сэрүүхэн, тогтворгүй,% жилийн дундаж темпаратур 0-7 градус, хүйтний улиралд -38 хэм хүртэл хүйтэрдэг. Долдугаар сард +30+33 хэм хүртэл халдаг. Жилд дунджаар 80-100 мм хур тундас ордог. Салхины хурд 26-34м/сек хүрдэг тохиолдол бий. Сумын төв далайн түвшинээс 2160 м өндөрт байрладаг. Ганц мод, Чихэртэй зэрэг голтой. Эдгээр голууд Буянт голд нийлж Хар ус нуурт цутгадаг. Ой мод багатай бөгөөд зарим газарт хар мод, бургас, харгана, ургадаг. Арц, таван салаа, хүнцэл, гаа, зад өвс, хаг өвс, царван зэрэг эмийн ургамал, тошлой хар, улаан хад, зэрэг жимс жимсгэнэ, хялгана, өлөн өвс, хаг өвс, ерхөг, агь, хиа мангир, сонгино зэрэг ургамал элбэгтэй. Буга, янгир, аргаль, угалз, ирвэс, шилүүс, баавгай, чоно, үнэг мануул, нохой зээх, өмхий хүрэн, туулай, булга, тарвага, зурам, хэрэм, үен зэрэг ан амьтан, тас, бүргэд, ёл, хойлог, сойр, шар шувуу, ууль, хэрээ, элээ, болжмор, тагтаа, шаазгай шонхор, тоодог, чуй начин, ятуу, хур, хон хэрээ, зэрэг шувууд нутагладаг, тогоруу, галуу, ангир, нугас, цахлай, хун, хавтгалж зэрэг усны шувууд хавар ирж, намар буцдаг. Тус сумын нутаг дахь Хөх сэрхийн нуруу бол манай орны томоохон Дархан цаазтай газарт тооцогддог. Тус сум Засаг Захиргааны анхны нэгж 12 баг болон зохион байгууллагдсан. Газар нутгийн хэмжээ, хүн ам, малын тоогоор Улсад 5-р байрт ордог. 2018 оны эцсийн байдлаар тус сумын хүн ам 7614 ба эрэгтэй 3777, эмэгтэй 3837, нийт өрх 1663 ба нийт 234736 толгой мал тооллуулснаас тэмээ 326, адуу 11278, үхэр 20081, хонь 101804, ямаа 101247 юм. Нэг өрхөд дунджаар 152,4 толгой мал ногддог. Сумын ЗДТГ, Бүрэн дунд сургууль 1, бага сургууль 2, сум дундын хүн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, “Хөх сэрх” ТХГНХЗахиргаа, ус цагуурын станц, 100 номерийн АТС бүхий холбооны салбар, Дулааны цахилгаан станц, Мал эмнэлэгийн үйлчилгээний нэгж 8, малчдын бүлэг хоршоо 9, ШТС 8, 1 ангийн отог, тэжээлийн нөөцийн сангийн салбар, Мешит, Үүрэн холбооны Mobicom, Gmobile, Unitel зэрэг 150 гаруй үйлчилгээний цэг бүхий худалдаа үйлчилгээний төв зэрэг аж ахуй нэгж байгууллагуудтай. Сумын угуул иргэд, хөдөлмөрчид 2018 онд тус сум байгуулагдсаны 80 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. 

2019-03-13
Дэлүүн сум

Дэлүүн сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС