СУМЫН УДИРДЛАГУУД “ГРАНД РӨҮД” ХХК-ТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Сумын Засаг дарга М.Абужалел, ИТХ-ын Ж.Ербол, Засаг даргын тамгын газрын дарга С.Аманкелд холбогдох мэргэжилтэнүүд “Гранд- Рөүд” ХХК-ийн захирал Б.Ахынбектэй уулзалт хийж, сумын хэмжээнд тулгамдаж буй авто зам болон ашигт малтмалын ашиглалттай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн тохиролцлоо.
Уулзалтын үеэр дараах асуудлуудыг хөндөн ярилцав:
1. Иргэдийн өргөдөл, гомдлын дагуу суманд шинээр тавигдаж буй хар замд ус зайлуулах хоолой суурилуулах, мөн хуучин Нурсулуу дэлгүүрээс Жулдыз дэлгүүр хүртэлх шуудууг дахин шинэчлэн засварлах ажлыг яаралтай хийхээр тохиролцов.
2. Сумын нутаг дэвсгэрт хайгуул хийж буй Хятад компанитай гэрээ байгуулан, орон нутгийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, хураамжийг сумын төсөвт төвлөрүүлэх асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцэв.
3. Баячуудын хэсгийн хар замын гарцыг гаргаж өгөх асуудлыг мөн хэлэлцэж, иргэдийн авто замаар чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх талаар тохиролцсон байна.
“Гранд Рөүд” ХХК-ийн захирал Б.Ахынбэк уулзалтын үеэр байгалийн баялгийг ашигласны төлбөр, хураамжийг холбогдох хууль, журмын дагуу орон нутгийн төсөвт бүрэн төвлөрүүлж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Талууд дээрх асуудлуудын хүрээнд харилцан ойлголцолд хүрч, ил тод, хариуцлагатай, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан байдлаар хамтран ажиллахаар тохиролцсон нь сумын хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал алхам боллоо.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like