ОРОН НУТГИЙН 9 ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛСЭН “МИАТ” ТӨХК-ИЙН CRJ 200 МАЯГИЙН АГААРЫН ХӨЛӨГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ҮЙЛДЭВ

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд алслагдсан бүс нутагтаа ажиллаж амьдарч байгаа иргэдээ дэмжих, тэднийг орон нутагтаа тогтвор суурьшилтай байх нөхцөлийг бүрдүүлэх, нислэгийн тийзийн үнийг бууруулах, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаад, дотоодын аялагч жуулчлагчдыг байгалийн үзэсгэлэнт газруудад зорчуулах, түргэн шуурхай, ая тухтай аялах боломжоор хангах зорилгоор санаачлан хэрэгжүүлж буй орон нутгийн нислэгийг сэргээх хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр /2023.07.04/ өглөөний 08:17 минутад “МИАТ” ТӨХК-ийн CRJ 200 маягийн агаарын хөлөг Баян-Өлгий аймгийн Өлгий Нисэх буудалд анхны нислэгээ амжилттай үйлдэв.
МИАТ ТӨХК нь Баян-Өлгий аймагт 2007 оноос хойш орон нутгийн нислэг үйлдээгүй аж.
“МИАТ” ТӨХК-ийн CRJ 200 маягийн агаарын хөлөг нь 50 хүний суудалтай бөгөөд өнөөдрийн анхны нислэгээр суудал дүүрэн гадаад болон дотоодын зорчигчид ирсэн байна.
“МИАТ” ТӨХК Чойбалсан, Мөрөн, Ховд, Өлгий, Алтай, Улаангом, Даланзадгад, Улиастай гэсэн найман аймаг руу тогтмол нислэгтэй болж, тийзийн үнийг 2-2,5 дахин бууруулсан. Манай аймагт долоо хоногийн хоёр дахь, дөрөв дэх өдөр нислэг үйлдэх бөгөөд тийзийн үнэ нэг талдаа 400-450 мянган төгрөг, хоёр талдаа 900 мянган төгрөгийн үнэтэй байна.

You May Also Like